Хайр сэтгэл, мөнгө санхүү бол хосын харилцаанд зэрэгцэн гарч ирдэг зоосны хоёр тал юм.
Эдгээрийн тэнцвэрийг хосын харилцаандаа хадгалах нь маш их хүчин чармайлтыг шаарддаг. Тийм боловч санхүүгийн нээлттэй харилцаа холбоо, хамтын итгэлцэл хосын харилцааг урт удаан, бат бөх, эв найрамдалтай авч явахад нөлөөлж байдаг.
Тэгвэл та хостойгоо санхүүгийн харилцаагаа нээлттэй, ил тод, шударга авч явахад туслах зөвлөмжийг хуваалцаж байна.
Орлогоо ч, зорилгоо ч нээлттэй хуваалцах
Хостойгоо санхүүгийн харилцаан дээр ойлголцохын тулд юун түрүүнд өөрсдийн санхүүгийн байдлаа нээлттэй ярилцах хэрэгтэй. Тодруулбал, сард хэдэн төгрөгийн цалин авдаг, түүнийгээ хэрхэн зарцуулдаг, өр төлбөр, зээлийн хэмжээгээ хэт нарийн биш ч ерөнхийлөн бие биедээ хуваалцаарай. Үүний дараа өөрсдийн санхүүгийн зорилго буюу ирээдүйд ямар худалдан авалт хийхийг хүсэж байгаа, юунд түлхүү хөрөнгө оруулмаар байгаа, хэдэн төгрөг хадгалахыг хүсэж буйгаа нээлттэй ярилцаарай.
Нөхцөл байдлыг мэдсэн бол хамтын зорилготой болоорой
Өөрсдийн санхүүгийн байдал, зорилгын талаар ойлголтоо нэгтгэсний дараа хамтдаа сууж санхүүгийн хамтын зорилготой болоорой. Үүнд ойрын хугацаанд төлж дуусгах зээл, бий болгох хуримтлалаас ирээдүйн хуримын зардлаа хадгалах хүртэлх та хоёрын хамтдаа хүрэх зорилгууд багтана. Үүнээс гадна хамтын орлогоо хэрхэн тэлж болох талаар ч бие биетэйгээ санал солилцоорой.
Хэн нь мөнгө олж, хэн нь хүүхдээ харах вэ?
Нэгэнт та хоёр гэр бүл болж, ирээдүйгээ хамтдаа бүтээхээр шийдсэн бол зайлшгүй хийх ёстой зүйл нь үүрэг, хариуцлагаа тодорхой болгож, зөвшилцөлд хүрэх юм.
Мэдээж, хосууд гэр бүл болоход гэрийн ажил хийх, хүүхэд өсгөх, өрхийн орлого олох зэрэг олон ажил үүргийн хуваариуд гарч ирнэ. Гэвч энэ ажлыг тэгш хуваарилах тун хэцүү. Учир нь гэрийн ажилд их цаг зарцуулбал карьертаа анхаарах цаг хомс болно, их орлого олохын тулд гэрийн ажилд их цаг зарцуулах цаг зав багасна гэх мэт.
Иймд энэ талаар чөлөөтэй, нээлттэй ярилцаж, ажил үүргийн хуваариа тохирох нь үл ойлголцол үүсэхээс хамгаална.
Харин эдгээрийг ярилцаж тогтсоны дараа өрхийн төсвөө бүрдүүлж, санхүүгийн зорилгодоо хүрээрэй. Өмнөх нийтлэлийн линк холбоно.
Эцэст нь..
Хосын харилцаа болон санхүүгийн байдлыг тэнцвэртэй, нээлттэй, эрх тэгш авч явах нь тасралтгүй үйл явц юм. Иймд ямагт энэ талбарт барьж буй зарчмаа сайжруулж, шинэчилж байхад анхаарлаа хандуулаарай.