Та заримдаа “Энэ компанийн хувьцаа дор хаяж 10 хувиар өснө” гээд хөрөнгө оруулалт хийтэл эсрэгээрээ алдагдал хүлээж байсан уу? Эсвэл хүн болгон “iPhone 14” худалдан аваад байхаар нь нэг л мэдэхэд ердөө жилийн өмнө авсан гар утсаа зараад, багахаан мөнгө нэмээд шинэ утас худалдаж авч байсан уу?
Нэг л танил сонсогдож байвал та санхүүгийн шийдвэр гаргахдаа сэтгэл зүйн алдаа гаргаж байна гэсэн үг юм. Энэ удаад бид тэдгээр сэтгэл зүйн алдааг тайлбарлан хүргэж байна.
Энэ нь хүн өөрийн итгэж явдаг, зөв гэж боддог зүйлдээ баталгаа, баримт хайх хандлага юм.
Жишээлбэл, та “мөнгө үрэхийнхээ хэрээр олддог” гэсэн итгэл үнэмшилтэй хүн гэж бодъё. Тэгвэл яг энэ бодлоо батлах нотолгоог олж харахыг өөрийн мэдэлгүй хичээдэг. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал, та ямарваа нэгэн компанид хөрөнгө оруулахаасаа өмнө тухайн компанийг ирэх 10 жилд маш өндөр ашигтай ажиллана гэж итгэсэн бол тухайн компанийн тайлангаас зөвхөн уг бодлоо батлах тоон үзүүлэлтийг хайж бусад эрсдэлтэй байгаа тоонуудыг үл хайхрах гэх мэт санамсаргүй алдаа гаргах үзэгдэл.
Энэ хандлага нь алдаа гаргахаас буюу мөнгөө алдах, ашиггүй хөрөнгө оруулалт хийхээс айдсаас үүдэн хэт болгоомжлох үзэгдэл аж.
Ингэснээр аливаа шийдвэр гаргахдаа нөхцөл байдалд хэвийн хэмжээнээс илүү хашир, няхуур хандах байдал өсдөг. Улмаар өөрт ашигтай, зоримог үйлдэл хийж чадаагүйгээс зарим тохиолдолд алдагдал хүлээх нь ч бий.
Энэ нь аливаа санхүүгийн үр өгөөж, ирээдүйн нөхцөл байдалд хэт өндөр хүлээлт үүсгэж, бодит тоо, судалгаа, баримт дээр анхаарлаа үл хандуулан шийдвэр гаргах хандлага юм.
Энэ алдааг койнд хөрөнгө оруулсан хүмүүсээс харж болох юм. Жишээлбэл, койнд хөрөнгө оруулалт хийхдээ white paper, шинжээчдийн судалгаа зэргийг уншихгүйгээр үүсгэн байгуулагчдын үгэнд хэт их итгэснээр машинаа зарж хөрөнгө оруулалт хийх зэрэг кейс ч манай улсад гарч байсныг та бүхэн санаж байгаа байх.
Энэ нь аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийнхөө мэддэг, өөртөө тулгардаг бэрхшээл, мэдээлэл, туршлагыг харгалзан үзэх хандлага юм.
Энэ үйлдэл нь хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн өөрт буй мэдээлэл дээр тулгуурлан бусад судалгаа, үзүүлэлт, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг үл хайхран хувьцаа худалдан авах, өндөр дүнтэй худалдан авалт хийх зэргээр илэрдэг.
Сүргийн сэтгэлгээ хэмээх энэхүү хандлага нь өөрт тодорхой ашиггүй байсан ч олон нийтийг даган аливаа худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх үзэл юм.
Үүний нийтлэг жишээ бол шинээр гарсан “iPhone 14” гар утсыг өөрийнх нь утас хуучраагүй байхад худалдан авах, хүн бүрийн өмсдөг хувцасны шинэ трендийг даган гэнэтийн худалдан авалт хийх үйлдлээр илэрдэг.
Эцэст нь хэлэхэд…
Эдгээр санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлдөг сэтгэл зүйн алдаатай хандлагууд нь хүн бүрд байдаг.
Энэ хандлагуудын хор уршиг нь буруу тооцоолж хөрөнгө оруулалт хийх, ашиггүй худалдан зарцуулалт хийсний улмаас санхүүгийн хүндрэлд орох зэрэг сөрөг нөлөөтэй.
Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрч, танин мэдэх нь биднийг уг хандлагын хохирогч болохгүй байхаас хамгаална.