Мэргэжилтний зөвлөгөө: Мөнгөө инфляцаас хамгаалах аргууд
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр КОВИД-19 цар тахлын өмнө буюу 2018 оны жилийн эцэст инфляцын түвшин 8.1 хувьтай байсан бол өнгөрсөн онд 13.2 болж, улмаар энэ жилээс аажмаар буурч байна. Гэсэн хэдий ч инфляцын түвшин хоёр оронтой тоонд хэвээр байна. Тэгвэл мөнгөний ханш үнэгүйдэж буй энэ үед өөрийн баялагаа хэрхэн хадгалж, хамгаалах талаар “Forbes” -ийн санхүүгийн мэргэжилнүүдийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
1.Таниас зарлага гарах ёстой бол тэр нь боловсролын зардал л байх ёстой
Инфляцын үед зарлагаа багасгах байтал яагаад нэмж өөрийн боловсролд хөрөнгө оруулах хэрэгтэй билээ гэж гайхаж байж магадгүй. Гэтэл инфляцын үед нэгэнт таны зарлага өсөж, цалингаараа худалдаж авч чадах зүйлсийн хэмжээ багассаар байдаг. Иймд орлогоо нэмэх нь тэрхүү шуурганаас хохирол бага амсах нэг арга юм.
Харин өөрийн орлогоо өсгөхийн тулд ур чадвараа нэмэхэд анхаарах нь чухал юм. Жишээлбэл, шинэ хэл сурах, боловсролын зэргээ ахиулах зэрэг нь нэмэлт орлого олох шинэ үүдийг нээх болно.
2. Үл хөдлөх хөрөнгө, хүнсний салбарт хөрөнгө оруулаарай
Мөнгөний ханшийн уналтын үед үнэ нь тогтмол өсдөг зүйл бол мэдээж үл хөдлөх хөрөнгө. Мөн хоол хүнс нь хүний зайлшгүй хэрэглээ байдаг тул хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулах нь зөв сонголт байх болно гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ.
3. Хүний амьдралд юу ч тохиолдож мэднэ, хүнд үед зарцуулах хадгаламжтай болоорой
Мэдээж инфляцын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх тул эрсдэлийн хадгаламж нээхээ мартуузай. Эрсдэлийн хадгаламж тань дор хаяж нэгээс, хагас жил амьдрах боломжтой дүнтэй байх ёстой шүү.
4. Унтаад л байж байхад тань орж ирдэг орлоготой болоорой
Мэдээж та бүтэн цагийн ажил эрхэлж байгаа байх. Гэхдээ мөнгө олохын тулд заавал цаг зарцуулж ажиллах шаардлагагүй. Ингэхийн тулд заавал таны оролцоогүйгээр орж ирдэг орлогын төрлүүдтэй болоорой. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгөтэй бол түүнийгээ түрээслэх, өөрийнхөө сайн чаддаг зүйлийг онлайн хичээл болгож бэлдээд түүнийгээ зарах гэх мэт аргуудаас туршиж үзээрэй.
5.Хадгаламжийн дансанд мөнгөө хадгалж болохгүй
Танд эрсдэлийн үед хэрэглэх хадгаламж байх боловч, хадгаламжийн дансанд өөрийн хөрөнгөө хадгалж болохгүй. Учир нь өдөр ирэх тусам таны мөнгөний худалдан авах чадвар буурч байгаа. Харин түүний оронд сайн судалдж өгөөжтэй байх боломжтой бонд, хувьцаа худалдаж аваарай.