Инфляцийн “салхинаас” мөнгөө хэрхэн хамгаалах вэ


Инфляцын хэмжээ 2022 оноос харьцангуй буурсан ч цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өндөр хэвээр байна. Энэ нь хамгийн энгийнээр тайлбарлавал бидний гарт байгаа мөнгөний үнэ цэнэ өдөр бүр буурч байгаа гэсэн үг юм.


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад инфляцын түвшин 11.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, танд яг одоо байгаа 10,000₮-ийн бодит худалдан авах чадвар 8,870₮ юм. Тэгвэл өдрөөс өдөрт үнэ цэнэ нь унаж буй мөнгөнийхөө үнэ цэнийг хэрхэн хадгалах вэ?


Хөрөнгө оруулалт хийх


Мөнгөний ханш тогтмол унаж байгаа энэ цаг үед мөнгөө ирээдүйд үнэ цэнтэй байлгахын тулд ирээдүйтэй компанийн хувьцаа, үнэт цаас, баталгаатай бонд худалдаж авах таны мөнгийг инфляцаас хамгаалах нэг энгийн арга юм. Хөрөнгө оруулалт нь 100% эрсдэлгүй алхам биш тул сэтгэлийн хөөрлөөр, богино хугацаанд ашиг олохын тулд биш урт хугацааны зорилт тавьж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдэд хандаарай.



Бодит хөрөнгө худалдаж авах


Инфляцын үед үл хөдлөх хөрөнгө болох байр, газар, аль эсвэл машин, үнэт эдлэл, алт гэх мэт ирээдүйд үнэ цэн нь өсөх магадлалтай биет хөрөнгө худалдаж авах нь бас нэг үр дүнтэй арга байх боломжтой. 


Мөнгөө валют болгож хадгалах


Тухайн суларч буй валютын эсрэг өндөр үзүүлэлттэй байгаа валют хэлбэрээр мөнгөө хадгалах нь мөнгөний үнэ цэнийг хадгалах нэг арга юм.


Орлогоо өсгөх


Инфляц өсөхөд иргэдийн хэрэглээ өсөөгүй ч зарлагын хэмжээ өсөж байдаг. Иймд амьдралын чанараа муутгахгүйн тулд цалингаас гадуур ахиу орлого олох, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, нийтлэл бичих, график хийх, онлайн дэлгүүр ажиллуулах гэх зэрэг өөрт байдаг ур чадваруудаа ашиглан жижиг хэмжээний нэмэлт орлого хийх арга замуудыг эрэлхийлж болох юм.


Өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалах


Мөн бас нэг арга нь мөнгөө дансандаа сул хадгалахаас илүү хадгаламжид хийх нь таны мөнгөний үнэ цэн унахаас сэргийлнэ. Гэхдээ гол анхаарах зүйл нь банкны хадгаламжийн хүү инфляцын хэмжээнээс их байх ёстой гэдгийг анхаараарай.


Бид та бүхэнд доорх мэдээллээс банкнуудын энгийн хадгаламжийн нэг жилийн хүүгийн хэмжээтэй танилцаарай.


1.Хаан банк: 10.5%

2.Голомт банк: 12.4%

3.Хас банк: 12.6%

4.Төрийн банк: 12.0%

5.М банк: 13.0%

6.Худалдаа хөгжлийн банк: 13.1%

7.Тээвэр хөгжлийн банк 14%


Хүүгийн мэдээллийг албан ёсны вэб хуудсаас авав.


Эцэст нь, мөнгөө өсгөх, хөрөнгө оруулах зэрэг нь ямагт тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам байдаг. Иймд аливаа санхүүгийн шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжилтнүүдээс мэдээлэл авч, суурь судалгаа заавал хийгээрэй.