Огноо: 2022-09-01

Санхүүгийн муу зуршлуудаа илчлэх нь 🤘🤘🤘


  1. Орлогоосоо давсан хэрэглээний зардалтай амьдрах;
  2. Цалингаас цалингийн хооронд амьдрал юм даа” гэж цалингаа голох;
  3. Кредит картаа яг л үнэгүй мөнгө үрж байгаа шиг зурах;
  4. Мөнгөтэй л бол бүх юм бүтдэг шүү дээ” гэж бодох;
  5. Өртэй хүн өөдөлдөггүй юм гэсэн, ипотекийн зээлтэй хүн угаасаа ...” гэж өөрийгөө өмөөрөх бодлууд, үйлдлүүд танд тохиолдож байвал та санхүүгийн муу зуршилтай юм.

Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал дээрх жишээнүүдтэй шууд хамаарч болох ч нийгэм улс төрийн хүчин зүйлийг түр мартаад өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. Яг одоо санхүүгийн муу зуршлуудаа илчилж, хүлээн зөвшөөр. Тэгээд “Одоо яах билээ? Хэрхэн энэ зуршлуудаас татгалзах вэ?” гэж бодоорой. Яг энэ бодолд чинь тус дэм болохоор дараах цөөн хэдхэн зөвлөгөөг санал болгоё.


Төсөвлөх: Элизабет Варрены 50/30/20 дүрэм


Сард олдог нийт орлогынхоо татвар, нийгмийн даатгалын шимтгэл хассан дүнгээ 50%, 30%, 20%-д тус тус тооцоолоорой. Эндээс:

  1. 50%-ийн дүнг зайлшгүй хэрэгцээндээ буюу байр, унаа, хоол, интернэт, гар утасны төлбөр гэх мэт зардлуудад зарцуулах;
  2. 30%-ийн дүнг хүсэлдээ буюу гадуур хооллох, кофе шопод суух, ганц нэг шинэ хувцас авах гэх мэт зардлуудад зарцуулах;
  3. 20%-ийн дүнг харин хадгалах эсвэл зээлээ төлөхөд зарцуулахад төсөвлөвөл зохимжтой гэж зөвлөдөг.

Ерөнхийдөө хүн бүрийн орлого болон зардлууд, өр зээлийн хэмжээ ялгаатай тул өөртөө тохирсон байдлаар 3 хэсэгт хувааж, тус тусын хувийг зааж төсөвлөвөл илүү үр дүнтэй байх болов уу. Ямартай ч туршаад үзэхэд гэмгүй шүү.


Хадгалах: 4 дансны арга


“Нэг сагсанд хэзээ ч битгий бүх өндгөө хийгээрэй” гэдэг байх аа. Бид мөнгөө нэг л зорилгоор тогтмол хадгалаад явахад хүндрэлтэй тул арай уян хатан байдлаар 4 данс нээгээд тус бүрт нь зорилго тавьж хадгалах аргыг санал болгож байна.

  1. Гэнэтийн хэрэгцээний сан - Өвдөх, гэнэтийн осол тохиох гэх мэт төлөвлөгдөөгүй зардлуудад зориулж энэ дансыг нээж сар бүр багахан хэмжээгээр тогтмол хадгалаарай.
  2. Зугаа цэнгэлд зориулсан данс - Хааяа нэг хамт олон, найз нөхөдтэйгөө гарч орох үед авсан цалингийнхаа талыг нэг шөнийн дотор зарцуулах аюулаас сэргийлэхийн тулд гарах өдөртөө зориулж 2 сарын өмнөөс хадгалаарай.
  3. Хоббиндоо зориулсан данс - Спорт, урлагийн дугуйлан эсвэл хэл сурах, хувь хүний хөгжлийн сургалт зэрэг гээд урт хугацаанд танд үр ашигтай зүйлсэд зориулж мөнгөө хадгалах данс юм.
  4. Хамгийн том мөрөөдөлдөө зориулсан данс - Гадаадад сурах, аялах эсвэл байр, машин авах, эсвэл бүр материаллаг бус зүйлд, хөрөнгө оруулалт хийхэд ч юм уу зориулж хадгалах хамгийн том зорилго, амбицтай данс байх юм.

Танд дээрхээс олон эсвэл зөвхөн хэрэгцээтэй 2 л данс байхад та хадгалж эхлэх нь байна. Хамгийн чухал нь хадгаламжийн данс тус бүр нь “Зорилготой” байх нь байна шүү.


Зээл авах: 28/36 дүрэм


Энэ нь харьцангуй өндөр дүнтэй, урт хугацааны зээл авахад бодож үзэх аргачлал юм. Үүнд ипотекийн зээл, машины лизинг, газар зээлээр худалдан авах гэх мэт багтана. Тус аргачлалын үндсэн санаа нь таны зээлээр авсан тухайн хөрөнгөд зарцуулах урсгал зардал нь таны татварын дараах цэвэр орлогын 28%-иас ихгүй урсгал зардал зарцуулагддаг, 36%-иас ихгүй дүнгээр таны зээлийн эргэн төлөлтөд төлөгддөг байх явдал юм.


Жишээ нь: Машин зээлээр авсан гэж үзвэл машины түлш, засвар, бусад нэмэлт гарах урсгал зардлууд таны цэвэр орлогоос хамгийн ихдээ 28%-г зарцуулах, харин сар тутам тогтмол төлөх зээлийн эргэн төлөлтийн зардал нь мөн хамгийн ихдээ 36%-д багтаах санаа.


Нэмэлт орлого олох


Энэ хэсэг бол хамгийн дээр дурдсан асуудлуудад ихээхэн дэм болох санаа юм. Ялангуяа өнөөгийн нийгэмд нэг л бүтэн цагийн ажилтай, түүнийгээ хэчнээн сайн хийгээд өдөр тутмын зардлаа хангах төдий орлого олж буй залууст хандахад “Боломж байгаа шүү, манайхан!”


Бидний мэдэхээр side hustle, хаагаа гэдэг ойлголт нь өдөр тутмын амьдралдаа дижитал хэрэглээг хэвшүүлснээс хойш ихээхэн өөрчлөгдөж цар тахлын хөл хорионоос хойш компьютер, гар утсаа ашиглан сурч, ажиллаж сурсан бидэнд гэрээсээ цагийн ажил хийж мөнгө олох боломж бий болжээ. Энд цахим, дижиталаар хийж болох хэдэн санаа үлдээе.


  1. Онлайн худалдаа эхлүүлэх: Өмнө хэрэглэж байсан хувцас болон бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулах цахим дэлгүүр нээж болно шүү.
  2. Цахимаар нийтлэл бичих: Хэрвээ бичих сонирхолтой, багахан чадвартай бол үнэгүй бичвэр оруулдаг олон платформуудаас сонгон бичвэрээ оруулаарай. Зарим бизнесийн байгууллагууд таалагдсан бичвэрийн эзэнд ажлын санал тавьдаг болсон байна лээ. 
  3. Youtube суваг хөгжүүлэх: Танд бусдаас илүү бүтээлч санаа, бусдыг өөртөө татах харизм байгаа бол ичиж санаа зоволгүй санаагаа хэрэгжүүлээрэй. Ганцаараа гэхээс илүү яагаад ч юм найзалчихсан өрөөсөн дугуй шигээ найзтайгаа хамтраад эхлүүлээрэй. 


Тэгээд эцэст нь хэлэхэд өөрийнхөө санхүүгийн сайн муу дадал зуршлыг таньж, хүлээн зөвшөөрөөд илүү санхүүгийн мэдлэгтэй, сахилга баттай болохоор зориг шулуудаж буй залуу болон бүсгүй чамд амжилт хүсье!