Огноо: 2022-10-13
Жижиг бизнес, бяцхан аялал
Цөөн тооны том бизнес, компанид төвлөрсөн зах зээлтэй Монгол улсад шинээр том үйлдвэр байгуулах нь өрсөлдөөний болоод санхүүгийн хувьд бараг л боломжгүй. Тиймдээ ч эхлэлтийн хөрөнгө бага шаарддаг, зах зээлийн төдийгүй бусад өөрчлөлтөд хурдан дасан зохицож, хөрвөх чадвартай жижиг бизнесүүд өргөжин тэлж байсан үе саяхан билээ. Гэвч Хөл хорио, Хил хорио гээд Gumuda, Chuu chuu cafe, Хэлний бэлтгэлд зуучлах төвүүд тэргүүтэй жижигхээн бизнесүүд хаагдав. Дан ганц бизнес хаагдаж байгаа ч бус Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг бизнесийн 2/3 нь гэр бүлийн хүрээнд босгосон бизнес байдаг тул 1 жижиг бизнес хаагдахад 1 өрхийн орлого байхгүй болж байгаа.
Хэдийгээр төрөөс жижиг бизнесийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл, үнэгүй сургалтууд явуулах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч худалдан авалт хийгдэхгүй бол эдгээр дэмжлэг ямар ч үр дүнгүй болно. Үүнийг цар тахлын бизнест үзүүлэх нөлөөллийн судалгааны үр дүн батлан харуулж байгаа буюу судалгаанд оролцогчдын 57.1% нь дотоодын зах зээлийн эрэлт унасан нь бизнест хамгийн сөргөөр нөлөөлснийг онцолжээ. Худалдан авалтыг хийх бүлэг бол иргэд бөгөөд жижиг бизнесийг хэрхэн дэмжих тал дээр иргэн таны, бидний хийж чадах зүйл боломжоороо худалдан авах юм. Гэтэл хаанаас хэрхэн худалдаа хийх тухай ойлголт, мэдээлэл байдаггүй нь энэ үйлдлийг хязгаарладаг. Төрөөс нэгдсэн худалдааны төв, төвлөрсөн шийдэл боловсруулах ёстой гэж маргаж болох ч 22-ын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэл 29 орчим км, Саппорогийн тойргоос Зүүн 4 зам хүртэл 6.6 км урттай нийслэлд амьдарч буй иргэний хувьд явганаар хайгуул хийх нь төрийн зохицуулалтыг хүлээхээс хурдан байх биз ээ...
Өөрөөр хэлбэл жижиг бизнесээ дэмжихийн тулд алхдаг байя. Жижиг бизнес ШангриЛа, Улсын их дэлгүүр гэх мэт хөдөлгөөн ихтэй, түрээс нь өндөр газар үйл ажиллагаа явуулж чадахгүй учраас орон сууцны 1 давхрууд, жижиг контайнер, жижиглэн худалдааны төв гэх мэт байршилд эсвэл онлайнаар худалдаа явуулдаг. Онлайнаар худалдаа, үйлчилгээ явуулах боломжгүй маш олон газар байх ба эдгээрийг дэмжихийн тулд очиж үйлчлүүлэх шаардлагатай. Нэн чухал шаардлага гарахгүй л бол гар урлал, шүрэн эдлэл гэх мэтчилэн хайлт хийж, хаягийг нь тэмдэглээд зорьж очих нь юу л бол, харин түгжрэл, түүнтэй холботой стрессээс өөрийгөө чөлөөлж энэ тэрүүгээр алхаж явахад тань жижиг бизнес тааралдах нь харьцангуй элбэг. Өөрийн эрүүл мэнд, өөртэй тань адил амьдралаа болгох гэж зүтгэж буй 1 хүний төлөө алхдаг, хотоо сонирхдог, гадаадад аялахаас өмнө хотынхоо жижиг буланд тааралдах дэлгүүр, дурсгалын газруудаар аялдаг үлгэр жишээ нэгэн байгаарай.